ХӨВСГӨЛ: “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Галт, Жаргалант, Төмөрбулаг суманд Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд үр дүнтэй хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр төслийн баг, ажлын хэсэг болон сумдын удирдлагуудын хамтарсан уулзалт цахим болон танхимаар боллоо.
Уулзалтын үеэр өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнг танилцуулж, энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Талууд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, үр нөлөөг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар санал солилцов.
Төслийн хүрээнд хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй менежментийг нэвтрүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг хэрэгжүүлж байгаа юм.
Мөн мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтаар дамжуулан салбарын хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилтыг тус төсөлд тусгасан байна.
Төсөл 2024-2028 он хүртэл хэрэгжих бөгөөд хөдөө аж ахуй, ойн аж ахуйн тогтвортой туршлагыг сурталчлах, мэргэжлийн болон техникийн боловсролыг сайжруулах, ногоон технологийг нэвтрүүлж бүтээмжийг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, экосистем болон биологийн олон янз байдлын уян хатан чанарыг бэхжүүлэх замаар ирээдүй хойч үеийн тогтвортой байдлыг хангахад чиглэж буйгаараа онцлогтой.
