Ц.Лхагвацэнд: Би өөрийгөө сорих гэж энэ уралдаанд оролцсон

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2016-11-29 11:19:04

Орос улсын их, дээд боловсролын ба мэргэжлийн дээд боловсролын байгууллагуудад суралцаж байгаа гадаадын оюутнуудын дунд Бүх Оросын үндэсний “Оны шилдэг оюутан” уралдааны “шилдэг гадаадын оюутан” номинацийн шагналыг Оросын Улс түмний найрамдлын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн магистрын нэгдүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд тодров. 

МОНЦАМЭ-гийн Москва дахь сурвалжлагч А.Огторгуймаа Ц.Лхагвацэндтэй уулзаж ярилцсаныг та бүхэнд толилуулъя!     

-“2016 оны шилдэг гадаадын оюутан” номинацийн шагнал хүртсэнд баяр хүргье! Бас “Тэргүүний оюутан залуу” медалиар энгэрээ мялаасанд давхар давхар баяр хүргье!  

-Их баярлалаа. Монгол Улсын БСШУС-ын сайд Москвад айлчлахдаа “Тэргүүний оюутан залуу” медаль надад гардуулсанд их баяртай байна.

 - Энэ уралдаанд хэрхэн яаж оролцсон бэ?

-Би анх Интернэтээр уралдааны тухай хайж байгаад мэдээлэл авсан. Тэгээд ямар шаардлага тавьдаг, хэдэн үе шаттай байдаг талаар уншиж мэдсэн. Ерөнхийдөө тавьсан шаардлагуудад нь  би тохирч байсан.

-Мэдээж сурлагаараа тэргүүний, олон нийтийн ажилд идэвхтэй, тал бүрийн  мэдлэгтэй гэх мэт шалгуур байх болов уу?

-Бакалаврт онц дүнтэй суралцаж, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай байхаас гадна, өөрийн болон Холбооны улсын хэмжээний Их, дээд  сургуулиудаас зохиосон эрдэм-шинжилгээний бага хурлуудад илтгэл тавьж, нийтлэл бичсэн байх ёстой. Би энэ уралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа сургуульдаа мэдэгдэхэд намайг дэмжсэн. Тэгээд материалаа өгч, сургуульдаа өрсөлдөж, улмаар дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Ер нь тэмцээн гурван шаттай юм билээ. Эхний удаад өөрийн сургуульдаа шалгарч, хоёр дахь шатанд бүсийн буюу Москвад шалгарсан, гуравдугаар шат бол финалын шат. Финалын шатны уралдаан  Ставрополь хотод 4 хоног үргэжилсэн.

-Ямар ямар номинаци байдаг юм бэ?

-Минийх бол “Оны шилдэг гадаадын оюутан”. Бас “Оны шилдэг олон нийтийн идэвхтэн”, “Оны шилдэг экологич”, “Оны шилдэг илтгэгч" гэх мэт 13 номинациар шалгаруулсан.

-Шалгаруулалтад оролцогчид бүгд Орост сурч буй гадаадын оюутнууд уу?

-Тийм. Гэхдээ яг миний өрсөлдсөн “Шилдэг гадаадын оюутан” номинацид хуучин ЗХУ-ын орнууд, тухайлбал Таджикистан, Түркменистан, Узбекистаны оюутнууд оролцсон нэлээд өрсөлдөөнтэй. Тэд мэдээж Орос хэл сайтай, ер нь л орос тал руу гаа шүү дээ. Харин яг гадаадын оюутнууд гэх юм бол надаас гадна Казаньд нисэхийн инженерийн мэргэжлээр суралцаж байгаа Мөөгий гэж залуу, Анагаахын мэргэжлээр сурч буй Германы оюутан бид л байсан даа. 

-Хичнээн өрсөлдөгчийн дундаас тэргүүлж гарч ирэв?

-Финалын тэмцээн гэхэд л Оросын 20 гаруй  бүс нутгаас 13 номинацид нэр дэвшигч оролцсон.

- Финалын тэмцээний хэсгээс товч сонирхуулахгүй юу?

-Финалын тэмцээн их өрсөлдөөнтэй. Эхний даалгавар хоёр минутын хугацаанд өөрийн танилцуулгыг хийнэ. Бидний өмнө компьютер тавиад камер залгачихна, яг хоёр минут дуусахад яриа тасалж байгаа юм. Энд хамгийн чухал  нь  цагийн хязгаарлалт, хоёр  минутын хугацаанд өөрийгөө бүрэн танилцуулах ёстой. Хоёрдугаар даалгавар, “Ажил хэрэгч яриа” энд оролцогчид багаараа өгөгдсөн сэдвээр яриа өрнүүлсэн. Мэдээж зүгээр найзтайгаа ярьж байгаа юм шиг сул ярьж болохгүй, сэдвийн дагуу цэгцтэй ажил, хэрэгч ярих шаардлагатай. Энэ бүхий л яриаг хажуунаас эксперт шүүгч сонсоод л яваад байна. Гурав дахь даалгавар бол ярилцлага. Ярилцлага их сайн болсон, гэхдээ яриан дундуур огцом янз бүрийн бэрх асуулт өгнө,  тэр бүрт барьц алдахгүй тайван хариулах ёстой. 

-Бүх Оросын гадаадын шилдэг оюутны шагналд чухам юу байдаг юм бол гэж уншигчид сонирхож байгаа байх?

-Миний шагналд спонсор байгууллагуудын шагналууд ирсэн. Надад “Air Turkish” спонсор компани Европын аль нэг орон руу хоёр талдаа аялах тийзээр шагнасанд  их баяртай байгаа. 

Би анх энэ тэмцээнд өөрийгөө сорьж, өөрийн мэдлэгийн түвшинээ тогтоё гэж бодож  зорьсон маань надад их завшаантай явдал болсон.

-Ямар сургууль төгссөн, цаашид ямар зорилготой  байна вэ?

-Би 2010 онд Улаанбаатарын Плехановын академийн лицей сургууль төгссөн. Тэгээд хоёр улсын хоорондын гэрээний дагуу улсын тэтгэлгээр ОХУ-д сургуульд явахаар болтол миний нас Орос улсад сургуульд явахад хүрээгүй байсан.

-Хэдэн настай сургууль төгссөн юм бэ?

-15 настай Лицей төгсөөд, дараа нь би МУИС-ийн Хууль зүйн их сургуульд  хоёр жил сурч байгаад, хоёр улсын хоорондын гэрээгээр суралцах шалгалт өгч,  Москвагийн улс түмний найрамдлын их сургуулийн Хууль зүйн ангид тэнцсэн. Миний сурч байсан Улаанбаатарын Плехановын академийн лицей сургууль, МУИС-ийн хоёр жилийн сургалт надад их мэдлэгээс гадна итгэл  найдвар өгсөн. Би энэ бүхэнд чин сэтгэлээсээ баярлаж явдаг. 

Би сургуульдаа нэгдүгээр дамжаанд ирчихээд ангийн дарга болъе гэж өөрөө санал гаргаж болсон л доо. Хоёр жил ангийн дарга хийсэн. Гуравдугаар дамжаанд сурч байхад манай Хууль зүйн сургуулиас намайг манай сургуулийн 3 орлогч захирлын референтээр ажиллах санал тавьсныг би хүлээж авсан. Нийгмийн идэвхи, сурлагын амжилт энэ бүгдийг хараад багш нар маань надад ийм санал тавьсан.

2016 оны хавар бакалавраа дүүргэж, улсын зардлаар магистрт дэвшин нэгдүгээр курст  суралцаж байна. Ажлаа 3 дахь жилдээ  хийж байна.

-Орост сурч байгаа олон мянган гадаадын оюутнуудаас “Шилдэг оюутан -2016 “номинацийн шагнал хүртсэн, “Тэргүүний оюутан залуу” алтан медалийн эзэн Ц.Лхагвацэнд хичээл ийнхүү өөрийн хичээл зүтгэлээр бусдаас ялгарч Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн нь үе тэнгийн оюутан залууст нь үлгэр дууриал боллоо.  

Ярилцсан А.Огторгуймаа. Москва хот.

Related news