УВС: “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт 40 гаруй оюутан хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-24 12:05:30

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд гадаадын 21 улсад 1055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Увс аймгаас тэнцжээ.

 

Тэдний нэг болох О.Дээшинбаяр Энэтхэг Улсад мэдээллийн технологийн чиглэлээр 3 жил суралцаж ирээд, одоо аймгийнхаа Эрүүл мэндийн газарт ажиллаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр О.Дээшинбаяр зорьж ирж уулзлаа. Тэрбээр, “Таны санаачлан хэрэгжүүлж буй "Илгээлт 2100" тэтгэлэгт хөтөлбөр олон залуусын ирээдүйг гэрэлтүүлж, эх орныхоо төлөө ихийг хийж бүтээх урам зориг, хүсэл тэмүүллийг асааж өгсөн, маш их баярлалаа” хэмээв.

 

Мөн энэ үеэр “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр гадаадын их, дээд сургуульд суралцаж буй Увс аймгийн оюутнуудын эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл Ерөнхийлөгчийн уулзалтад хүрэлцэн ирсэн байв. Тэднийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал хүлээн авч уулзан тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл танилцуулан, тулгамдаж буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг нь сонслоо.



Related news