УВС: Увс хүнс компани 100 га талбайд чацарганы тариалалт хийж үйлдвэртээ боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-23 18:52:16

Улаангом. 2026 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллах үеэрээ “Увс хүнс” ХК, "Мөнхийн чанар" ХХК-ийн “Өнхрүүш” нарийн боовны үйлдвэрээр зочиллоо.


“Увс хүнс” ХК-ийн үйлдвэр нь 84 жилийн түүхтэй бөгөөд 2023 онд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хөнгөлөлттэй зээл авч чацарганы бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулжээ. 


Тус үйлдвэр 2025 онд улсад 1.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн ба сүүлийн таван жилд төлж буй татварын хэмжээ тогтвортой өсжээ. Мөн өөрсдийн 100 га талбайд чацарганы тариалалт хийж үйлдвэртээ боловсруулж, ISO 9001, ISO 2200 стандартын шаардлага хангасан байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түгээсээр байна.


“Увс хүнс” ХК нь Чацаргана жимсний боловсруулах үйлдвэрээс гадна гурилан бүтээгдэхүүний, шингэн хүнсний үйлдвэр, гурилын болон сүү боловсруулах үйлдвэр ажиллуулж байна.


”Мөнхийн чанар” компани нь 2002 оноос хойш хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна. 

2023 онд үйлдвэрийн шинэ байр барих, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зорилгоор “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж,  2024 оны 12-р сараас шинэ үйлдвэрийн байрандаа үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 


Үүний үр дүнд тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадал 3-5 дахин өсөж, эрүүл ахуйн шаардлага хангасан, тав тухтай орчинд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж бүрджээ.

Мөн шинээр 10-15 ажлын байр бий болгож, 30 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаас гадна улсад төлсөн татварын хэмжээ 35.3 хувиар нэмэгдэж, нийгмийн даатгал төлөлт 20 хувиар өсжээ.



Related news