ТӨВ: “Хүрэл тулга-2026” улсын уралдаанд зургаан сурагч оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2026” уралдаан гуравдугаар сарын 20-нд болж, тус наадмаас зургаан сурагч улсын уралдаанд оролцох эрхээ авчээ.
Энэ жилийн “Хүрэл тулга-2026” яруу найргийн уралдааны 1-р шатыг сум, сургуулийн түвшинд зохион байгуулж, 18 сумын 360 гаруй хүүхэд оролцсон байна. Үүнээс аймгийн аварга шалгаруулах 2-р шатны уралдаанд 18 сумын ахлах, дунд насны ангилалд нийт 64 сурагч өрсөлдөв.
Ахлах насны ангиллын тэргүүн байрт Лүн сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Б.Үржинлхам шалгарсан бол дэд байрыг Аргалант сумын 12а ангийн сурагч Н.Баттөр, удаах байрыг Лүн сумын 11а ангийн сурагч А.Амин-Эрдэнэ эзэлжээ. Дунд насны ангиллын тэргүүн байрт Зуунмод сумын 8а ангийн сурагч А.Оюунзул, дэд байрт Бүрэн сумын 8а ангийн сурагч Б.Энххүслэн, гутгаар байрт Дэлгэрхаан сумын 6а ангийн сурагч Ч.Аминзаяа нар шалгарсан байна.
Наадмын шүүгч, монгол хэл, уран зохиолын тэргүүлэх, ахмад багш П.Ариунаа, "Тэргүүн байр эзэлсэн "16 хавар" шүлэг үнэхээр өвөрмөц байлаа. Хаврын тухай, эсвэл насны онцлогийг илэрхийлж болох ч шүлэгт 16 жил туулсан хавар бүрийг тусгажээ. Анхны хавар орчлонтой танилцаж хүн болж эхэлсэн тухай, хоёр дахь, гурав дахь хавар гээд 16 дахь хаварт ирээдүй рүү тэмүүлж, амьдралд хөл тавихад бэлэн болсон өөрийгөө дүрсэлсэн нь онцгой байлаа" гэв.
