ТӨВ: Тусламжийн хонхыг анх удаа ажиллуулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс аймагтаа анх удаа тусламжийн хонхыг ажиллуулж эхэллээ.
Энэ нь хүний эрхийг дээдэлж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээтэй иргэдийн эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй хүмүүс үйлчилгээ авахад хүндрэл тулгардаг тул үйлчилгээ авахыг хялбарчлах зорилгоор тусламжийн хонхыг Улсын бүртгэлийн хэлтсийн үүдэнд байрлуулжээ. Тусламжийн хонх дуугарсан тохиолдолд Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан гаднаас иргэнийг дуудаж, шаардлагатай үйлчилгээг үзүүлнэ.
Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 14,700 нь хүүхэд юм. Төв аймагт 3300 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдардаг.
