Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас энэ сарын 24-нд “Ойрад” театрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Энэ үеэр 2026 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зээл олгох, түр ажлын байр бий болгох, ажилд зуучлах ажлуудыг зохион байгуулна.
Оны эхний хоёр сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн идэвхтэй ажил хайж буй ажилгүй хүний тоо 775 болж, өнгөрсөн оныхоос 336-гаар нэмэгдсэн бөгөөд тэдний 339 нь эмэгтэйчүүд байна. Ажил идэвхтэй хайж буй иргэдийн 53.7 хувь нь бүрэн дунд боловсролтой, 16.1 хувь дээд боловсролтой иргэд байна. Ажилгүйчүүдийн ихэнх нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарт туслах, гүйцэтгэх ажилтнаар ажиллах хүсэлт гаргажээ.
Мөн оны эхний хоёр сард Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 169 ажлын байрны захиалга ирснээс 42 нь боловсруулах үйлдвэрт, 28 нь батлан хамгаалах, нийгэм журмын хамгаалалд, 23 нь худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр ажилтан авахаа илэрхийлжээ.