З.Билгүүн: Төрийн дууллаа эгшиглэхэд л омогшдог хүмүүс шүү дээ бид
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн захирагч Зоригтбаатарын Билгүүнтэй ярилцлаа.
-Онцгой байдлын албанд хүссэн хүн бүр ажиллах боломжгүй, эр зориг, тэвчээр хатуужил шаарддаг газар. Таны хувьд энэ мэргэжлийг сонгоход юу нөлөөлөв? Хэдий хэр хугацаанд ажиллаж байна вэ?
-Намайг шалгалт өгөх үед Цагдаагийн академид яг есөн хүүхэд л шалгаруулж авдаг байсан юм. Азаар би шалгалт өгч, 9 дүгээр байрт жагсаж элсэн орсон. Манай хөрш айлын анх цагдаагийн хүн байсан л даа. Тэр ахыг харж, Цагдаагийн академийн талаар мэдэж авч байлаа. Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байна.
-Энэ хугацаанд ажил мэргэжлээрээ хамгийн их бахархсан үе нь хэзээ вэ? Мэдээж бас үүрэг гүйцэтгэсэн хамгийн хүнд хэцүү дуудлага юу байв?
-2017 онд Батсүмбэр сумын Сөгнөгөрт томоохон газар нутаг хамарсан ой хээрийн түймэр гарч, бид унтраахаар олон хоног ажилласан. Араас нэмэлт хүч ирж байсан ч бүрэн унтраахад хүндрэлтэй байв. Өдөржин түймэр унтраагаад орой нь отогтоо ирэхэд иргэдийн төлөөлөл гээд олон хүн цуглачихсан ус, бээлий, лаа, хоол цай, цув гээд боломж бололцоогоороо олдож болох бүхнээ бөөгнүүлээд хүлээж байсан. Шантарч болохгүй шүү, баярлалаа гэсэн тэр хүмүүсийн үг их хүч тэнхээ өгсөн дөө. Тэр түймэрт манай Төв аймгийн Онцгой байдлын алба хаагчид маш чадвартай, туршлагатай нь харагдаж, өөрийн эрхгүй бахархаж байлаа. Бид чинь тэгээд төрийн дууллаа эгшиглэхэд л омогшдог хүмүүс шүү дээ.
Хүнд хэцүү дуудлагын талаар гэвэл их л олон үйл явдал бодогдож байна. Гэхдээ сэтгэлээс гардаггүй нэг дуудлага бол 2019 онд аав ээж нь гурван хүүхдээ гэрт нь түгжээд явчихсан хойгуур гал гарсан байсан. Бид дуудлагаар очиж, галыг унтраасан ч гурван хүүхдийг аврах боломжгүй болсон байлаа. Ер нь ямар ч дуудлага мэдээлэл дээр ажиллахад сэтгэл хөдлөлөөр хандаж болдоггүй учир гурван хүүхдийн ээжид хамгийн түрүүнд тэр харамсалтай мэдээг дуулгах маш хүнд байсан. Хэдий ажил мэргэжил ч гэлээ хүн л юм болохоор тийм үед үнэхээр шимширдэг.
-Хавар цаг ирж байна. Энгийн бидэнд урин дулаан сайхан улирал ч гэлээ хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр гарах эрсдэл ихэсдэг үе. Ер нь иргэд ямар нэгэн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд мөрдөх хамгийн энгийн зарчим юу вэ?
-Иргэн танайх ханан дахь нэг масстай залгуураа солиход л маш том эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Галын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөлөөс айл өрхүүдэд хяналт тавьж, үзэж шалгадаг ч иргэдийн ухамсар хэцүү шүү дээ. Өөрсдөө солиод өг, ингээд хэрэглээд болоод байдаг юм гэх мэт хэнэггүй хариулт өгөх нь олон. Мөн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол өгдөг хэдий ч яг цаг агаар муудах үеэр Бурхан халдун хайрхан, Ээж хайрхан зэрэг газар луу аялж зугаалаад явчихдаг. Эргээд бидэнд хандахдаа ирж аврах ёстой, үүрэгт ажил чинь биз дээ гэсэн шаардлагыг тулгадаг. Ийм хандлагатай бол өдөр бүр л тулдаг даа. Өвлийн улиралд ихэвчлэн обьектын гал түймэр гардаг. Шалтгаан нөхцөл нь цахилгаан хэрэгслийн буруу холболт, хуучирсан, ачаалал даахгүй утсанд халаагуур залгаснаас үүддэг. Мөн бага насны хүүхдүүдээ ах, эгчид нь даатгаж хараа хяналтгүй орхихгүй байх, дотроосоо цоож нь онгойдог байхаар хаалгаа шийдэж байгаарай гэж анхааруулъя.
-Ярилцсанд баярлалаа.

