ТӨВ: "Бид хамтдаа" баг улсын аваргын тэмцээнд оролцох эрхээ авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдийг шинжлэх ухаанч, бүтээлч, асуудал шийдвэрлэх чадварт суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Шимт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд “World GreenMech” олон улсын тэмцээний 2 дугаар шат буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж, нийт 6 багийн 12 багш, 24 хүүхэд оролцлоо.
Оролцогч багууд өгсөн сэдвээс сонгон бүтээл хийх явцдаа багаар ажиллах чадварт суралцан, бүтээлээрээ дамжуулан асуудал дэвшүүлж, түүнийг шийдвэрлэх арга замаа тодорхойлж байв.
Мөн загваруудын уялдаа, тогтвортой байдлыг инженерчлэлийн шийдлээр харуулан, бүтээлээ тайлбарлан таниулдгаараа онцлогтой.
Тэмцээнийг багийн оновчтой үйл ажиллагаа, авхаалж самбаа, уран сэтгэмж, ур чадвараараа “Дэгдээхэй” цэцэрлэгийн “Бид хамтдаа” баг тэргүүлж, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Ташрамд, Зуунмод сумын цэцэрлэгүүдэд "Шимт" хөтөлбөр хэрэгжиж, steam тоглоомоор хичээл орсноор 2-5 настай 1589 хүүхэд үр шимийг нь хүртэж байна.
Steam тоглоом гэдэг нь хүүхдүүдэд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн чиглэлээр мэдлэгийг хөгжилтэй, тоглоомын хэлбэрээр эзэмшүүлэх арга юм. Энэхүү тоглоом нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, логик сэтгэлгээ, шинжлэх ухааны сонирхлыг хөгжүүлэхэд тусалдаг.

