АНУ-д зорчих виз мэдүүлэхэд барьцаа шаардах орнуудын жагсаалтыг өргөжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.enkh-od@montsame.gov.mn
2026-03-19 14:02:27

ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 19 /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 50 орны иргэдийг тус улсад зорчих виз мэдүүлэхдээ 15 мянган ам.долларын барьцаа байршуулахыг шаардахаар болсон тухай Төрийн департаментын төлөөлөгч лхагва гарагт мэдэгджээ.

  

Өмнө нь Африкийн орнууд голдуу 38 улсыг хамруулаад байсан уг жагсаалтад шинээр 12 улсыг нэмж оруулсан талаар нэрээ нууцлахыг хүссэн уг албаны хүн мэдээлсэн байна.

 

Визний барьцаа хөрөнгийн хөтөлбөрийг өргөжүүлсэн уг шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд бизнесийн болон аялал жуулчлалын B1, B2 ангиллын виз мэдүүлж буй гадаадын иргэдэд хамаарах юм. Энэхүү арга хэмжээ нь визний хугацаа хэтрүүлэн оршин суухаас урьдчилан сэргийлэх зорилготой болохыг албаны эх сурвалж тайлбарлав.

 

Барьцаа шаардах орнуудын жагсаалтад шинээр Монгол, Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврики, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд, Тунис улсууд багтжээ.

 

Визний нөхцөл болон барьцааны нөхцөлийг зөрчилгүй нутаг буцсан, эсвэл виз авсан боловч зорчоогүй тохиолдолд барьцаа хөрөнгийг буцаан олгох аж.


АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш цагаачлалын асуудалд хатуу бодлого баримталж байгаа бөгөөд албадан гаргах ажиллагааг эрчимжүүлэх, виз болон “ногоон картыг” цуцлах, цагаачдын нийгмийн сүлжээн дэх бичвэр нийтлүүдийг шалгах зэрэг арга хэмжээ авч байна.

 

Хүний эрхийн байгууллагууд Трампын цагаачлалын бодлогыг хууль ёсны эрх ашиг болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж байна хэмээн шүүмжилж байгаа бол Цагаан ордон болон түүнийг дэмжигчид энэ бодлого нь үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн гэж мэдэгджээ.

 

Төрийн департаментын төлөөлөгчийн мэдээлснээр, визний барьцаа байршуулах хөтөлбөрийн үр дүнд визний хугацаа хэтрүүлэгчдийн тоо буурсан үзүүлэлттэй байгаа аж.

 

Өмнө нь уг жагсаалтад Алжир, Ангол, Бангладеш, Бутан, Куба, Киргиз, Тажикистан, Туркменистан, Венесуэл зэрэг 38 улсыг оруулаад байсан юм.

Related news