ТӨВ: "Могол ноос" ХХК жилд 30-50 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлангаар ахлуулсан ажлын баг Төв аймагт ажиллалаа.
Энэ үеэр Зуунмод суманд үйл ажиллагаа явуулж буй "Могол ноос” ХХК-ийн угаах, самнах, ээрмэл утасны болон оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
"Могол ноос" ХХК 1995 оноос ноос, ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ хугацаанд ноос, ноолуур угаах, самнах, ээрмэл утасны үйлдвэр байгуулж, 2017 онд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр нь дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй болсноор жилд 30-50 мянган ширхэг зөөлөн, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.
“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлэх зорилготой юм.