УВС: Аймгийн нийт хүн амын 50.4 хувь нь эрчүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-19 11:11:26

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн өдрийг тохиолдуулан аймгийн Статистикийн хэлтсээс Увс аймгийн эрчүүдийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэн цахим хуудастаа нийтэлжээ.


Сонирхуулбал, 2026 оны байдлаар Увс аймагт оршин суугаа 85.3 мянган хүн амын 42.9 мянга буюу 50.4 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 40.2 хувь нь аймгийн төвд, 59.8 хувь нь хөдөө сумдад амьдарч байна.


Увс аймгийн эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.4. Хамгийн өндөр настай эрэгтэй 97-той. Өнгөрсөн онд Увс аймагт шинээр төрсөн хүүхдийн 54.2 хувь эрэгтэй байжээ.


Жараас дээш насныхны 61.5 хувь нь цэргийн алба хаасан бол 50-59 насныхны 52.9 хувь, 40-49 насныхны 48.5 хувь, 30-39 насныхны 45.8 хувь, 18-29 насныхны 17.9 хувь нь эр цэргийн алба хаажээ. Тэрчлэн Хурандаа нэртэй 1, Хошууч нэртэй 2 хүн байна.


Цэцэрлэгт хүмүүжиж буй хүүхдүүдийн 51.7 хувь, ЕБС-ийн сурагчдын 50.4 хувь, техникийн мэргэжлийн коллежийн суралцагчдын 40.4 хувь, их дээд сургуулийн оюутнуудын 36.1 хувь нь эрэгтэй байна. Түүнчлэн төрийн албан хаагчдын 31.4 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 56.2 хувь нь эрэгтэй юм.


Увс аймагт эрчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 67.4 хувьтай байгаа бөгөөд 88.9 хувь нь уул уурхайн салбарт, 86 хувь нь барилгын салбарт, 84.6 хувь нь тээврийн салбарт, 80.7 хувь удирдах албан тушаалд, үлдсэн нь бусад салбарт ажиллаж байна. 

Related news