УВС: Улаангом политехник коллежид австрали мэргэжилтэн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-18 12:15:11

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Австрали улсын сайн дурын мэргэжилтэн Грант Сим Улаангом политехник коллежид мужааны мэргэжлийн чиглэлээр зочин зөвлөх багшаар хамтран ажиллахаар боллоо.


Тодруулбал, Улаангом политехник коллеж нь Австралийн ЭСЯ болон Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газарт гурван удаа хүсэлт гаргаж, "Австралийн сайн дурын хөтөлбөр"-өөр дамжуулан сайн дурын мэргэжилтэн Грант Симийг урьж, сургуульдаа мужааны мэргэжлийн зочин зөвлөх багшаар ажиллах санал тавьснаар гуравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж байна. Тэрбээр 3 сар ажиллаад буцах юм.

Зөвлөх Грант Сим өчигдөр Увс аймагт хүрэлцэн ирж, Улаангом политехник коллежийн удирдлага болон багш нарын төлөөлөлтэй уулзан, сургалтын үйл ажиллагаа болон орчин нөхцөлтэй танилцлаа.

Грант Сим тус сургуульд “Австралийн сайн дурын хөтөлбөр”-ийн хүрээнд мужааны мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш, суралцагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын туршлага, ур чадварыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллах юм. Ингэснээр суралцагчдын ур чадварыг олон улсын түвшинд хүргэх, сайн туршлагыг нутагшуулах, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн Улаангомын политехник коллежийн удирдлагууд онцоллоо.


Сайн дурын ажилтан, зөвлөх Грант Сим нь Австралийн "Ignatius Park" коллеж, Австралийн Олон улсын сайн дурын байгууллагын CCODE-д барилгын талбайн инженер, мөн Австралийн Олон улсын сайн дурын байгууллагын FITI-д мужаан, мод боловсруулах чиглэлээр мэргэшсэн зөвлөх юм.


Улаангом политехник коллежид өмнө нь олон улсын сайн дурын мэргэжилтнүүд ажиллаж байсан ч коронавирусний халдварын тархалтаас хойш ирээгүй байсан юм. 

Related news