ХӨВСГӨЛ: “Амьдралын төлөө аавууд” чуулган болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт аавууд гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалалд эрэгтэйчүүдийн оролцоог дэмжих, аз жаргалтай, харилцан хүндэтгэлтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Амьдралын төлөө аавууд” чуулганыг зохион байгуулж байна.
Тус чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Мөрөн суманд ажиллаж, амьдарч буй 150 гаруй аав оролцож байна.
Энэ үеэр аавуудын үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх илтгэл, сургалт, “Хүүхэдтэйгээ харилцах эерэг арга” сэдэвт сургалт, туршлага хуваалцах хэлэлцүүлгүүд болов.
Судалгаагаар хүүхдийн чиглэлээр зохион байгуулдаг үйл ажиллагаанд аавуудын оролцоо дунджаар 7 хувьтай байдаг нь ажил эрхлэлт, цагийн боломж зэрэг хүчин зүйлтэй холбоотой байдаг байна.
Энэхүү чуулган нь аавуудын оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн эерэг харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.
Цаашид аавуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болон нөлөөллийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэдгийг ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Цэцэгмаа ярилаа.


