УВС: “Эко солилцоо”-гоор хог хаягдлыг бууруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Увс аймгийн Байгаль орчны газрын санаачилгаар хэрэгжиж буй "Ногоон сэлгээ" төслийн хүрээнд "Эко солилцоо" үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдөр хүртэл зохион байгуулж байна.
Энэ хүрээнд иргэд өөрт хэрэглэхгүй байгаа эд зүйлсээ төслийн багт хүлээлгэн өгч, хэрэгцээтэй эд зүйлсээ авах, цаашлаад "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд оролцох боломжтой.

“Энэ үйл ажиллагаагаар олсон орлогоороо "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих сан үүсгэж, хавар, намрын улиралд мод тарина. Мөн иргэдээс хэрэглэхгүй байгаа эд зүйлсээ бусдад хандивлах боломжтой эсэх талаар судалгаа авсан бөгөөд багуудын зорилтот бүлгийн судалгааг мөн хийж байна” хэмээн аймгийн Байгаль орчны газрын “Ногоон сэлгээ” төслийн зохицуулагч Б.Баярмаа ярилаа. Иргэд өөрт хэрэглэхгүй байгаа хувцас, ном, дэвтэр, тоглоом зэрэг эд зүйлсээ цуглуулан аймгийн Байгаль орчны газарт энэ сарын 23-ны дотор хүлээлгэн өгөх боломжтой.
Үүнээс гадна "Ногоон сэлгээ" төслийн зүгээс Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эко бүтээл хийх уралдаан зарлажээ. Тодруулбал, байгальд хаягдах хог хаягдлын хэмжээг багасгахаар өдөр тутмын хэрэглээнээс гарсан дахивар хаягдал, хуучин хувцас, хэрэглэхгүй эд зүйлсийг ашиглан шинэ санаа бүхий эко бүтээл хийх уралдааныг хүүхэд, залуучуудын дунд зарлаад байна.