ТӨВ: Тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээнд 90 орчим тамирчин өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-14 20:05:18

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнд 90 орчим тамирчин хоёр дахь өдрөө өрсөлдөж байна.


Тэмцээнд Хуурай замын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 119 дүгээр анги, Зэвсэгт хүчний 334 дүгээр анги, Зэвсэгт хүчний 311 дүгээр анги, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид оролцож байна.


Өнөөдөр багууд 10 км гүйлтийн замд зохиомол саадуудыг туулж эр зориг, бие сэтгэлийн хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж байгаа юм.


Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга Л.Төмөрчөдөр оролцож, "Жил бүр болдог энэхүү тэмцээн нь алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвар болон байлдааны бэлтгэлжилтийг дээшлүүлэх зорилготой юм. Энэхүү тэмцээнд оролцсоноор бэрхшээлийг даван туулах, өөрийгөө удирдах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх бүрэн боломжтой" гэв. 





Related news