Н.Гангантогос: Би багш, би урлаач

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-14 19:24:18

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Сэргэлэн сумын “Алтантүлхүүр” цэцэрлэгийн хөгжмийн багш, эсгий урлал урладаг Н.Гангантогостой ярилцлаа.


-“Алтантүлхүүр” цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилладаг ч гар урлалын олон төрлийн бүтээл урладаг гэж сонссон. Та яагаад хөгжмийн багшийн мэргэжлийг сонгосон бэ?

-Би анх туслах багшаар ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүдэд дуу, шүлэг, бүжиг зааж өгч, тэдний сурсан зүйлээ тайзан дээр үзүүлж байгааг харахад их бахархал төрдөг байсан. Энэ мэдрэмж надад хөгжмийн багш болох урам зориг өгсөн. Харин гар урлал бол миний хобби.


-Тэгэхээр та Сэргэлэн суманд туслах багшаар ажиллаж байсан гэсэн үг үү?

-Улаанбаатар хотод байхдаа туслах багшаар ажиллаж байсан. Харин дараа нь Сэргэлэн суманд ирж, хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Суманд ажиллах нь надад стресс багатай, түгжрэлгүй, амгалан тайван санагддаг.


-Эсгий урлалаар хэзээнээс хийж эхэлсэн бэ? Таны урлалын гол онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

-Сургуульд байхаасаа хөдөлмөрийн хичээлд их дуртай байсан учраас аймаг, нийслэлийн олимпиадад хүртэл оролцож байлаа. Ер нь гар урлалаар хийж болох олон төрлийн зүйлсийг туршиж үзэх дуртай байсан. Анх өвөрмөц хийцтэй санагдсан бүтээл болгоныг хийж үзэхийг хичээдэг байв. Харин одоо уран бүтээлдээ монголын уламжлалт хэв маягийг илүү чухалчилж урлах болсон. Бүтээлүүдээ заавал тогтсон хэм хэмжээ, хэлбэрт баригдахгүй, өөрийн төсөөлөл, мэдрэмжээр бүтээдэг нь миний урлалын онцлог гэж боддог.


-Эсгийгээр ямар, ямар төрлийн бүтээгдэхүүн урлаж байна вэ? Нэг бүтээлийг хийхэд ойролцоогоор хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Эсгийгээр хийсэн бүтээлүүдийн тоо маш их тул тоолоход бэрх. Би хүн бүрийн хэрэгцээнд тохируулан олон төрлийн зүйл урладаг. Тухайлбал углааш, олбог, дэвсгэр, гудас, даллаганы уут, хивс, бэлэг дурсгал гэх мэт. Загвар, хэмжээнээс хамаараад нэг бүтээлийг дунджаар 1-3 өдөрт хийж дуусгадаг.

-Эсгийг түлж, хээ, дүрс, зураг гаргадаг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө байдаг болов уу?

-Эсгийг түлж хийхэд утаа гардаг ч, энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрдэггүй.


Гар урлал хийж байхад танд ямар мэдрэмж төрдөг вэ? Бүтээлээ бүрэн дуусгасны дараах мэдрэмжийг хэрхэн илэрхийлэх вэ?

-Нэг зүйлд шимтээд суухаараа дуусгаж байж санаа амардаг. Бүтээл хийх явцдаа дараагийн ажлуудаа аль хэдийн бодож төлөвлөдөг. Ингэснээр шинэ санаа олох, тайвшрах, сэтгэл зүйгээ эрүүл байлгах боломжтой бөгөөд миний хувьд маш зөв хобби юм. Бүтээлээ дууссаны дараа хүмүүс сонирхож, магтаж, урамшуулахад өөрөөрөө бахархах, омогших мэдрэмж төрдөг.


-Цаашдаа гар урлалаар ямар бүтээлүүд хийхээр төлөвлөж байна вэ?

-Монгол ахуйг сурталчлах үзүүлэнгийн бүтээлүүд хийхээр төлөвлөж байна. Монгол гэр, таван хошуу мал, үхэр тэрэг, ширээ, сандал, авдар, араг зэрэг бүтээлээр хүүхэд багачуудыг монгол ахуйтай танилцуулахыг зорьж байна.

-Ярилцсанд баярлалаа. 



Related news