ХӨВСГӨЛ: Иргэдийн идэвх, спорт, урлаг, бизнесийг дэмжих нэгдсэн үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-16 14:00:25

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд “Бүтээлч Хөвсгөлийнхөн” нэгдсэн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулна.


“Бүтээлч Хөвсгөлийнхөн” нэгдсэн үйл ажиллагаа нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортыг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэх, орон нутгийн өв соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм.


Энэ хүрээнд “Иргэдийн урлаг, спортын их наадам” 6 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Мөрөн суманд болно. 


“Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Гурван аварга”-ын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан, “Хөвсгөлд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна гэдгийг ажлын багийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ярилаа.

 

 

 

Related news