УВС: Шинэ санал, санаачилга гаргасан залуусыг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-13 17:27:24

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Увс аймаг болон баруун бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ санал, санаачилга, инновацын шийдлийг дэмжих, менторуудын зөвлөгөө авах, бизнесээ хөгжүүлэх, шилдэг оролцогчдод гарааны санхүүгийн дэмжлэг үзүүлэх, бизнес санаагаа сурталчлах зорилгоор “Стартап Увс-2026” шилдэг гарааны бизнес шалгаруулах уралдаан зарлажээ.


Тус уралдаанд Увс аймгийн харьяалалтай, 15-34 насны залуус, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид, оюутнууд хамрагдаж боломжтой. Тавигдах шаардлага нь шинэ санаа, шийдэлтэй байх, баг бүрдүүлэх, нийгмийн даатгал төлдөггүй иргэн байх, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй байх юм.


Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25 хүртэл бүртгэл, анкетийн шалгаруулалтыг хийх бөгөөд гуравдугаар сарын 27-29-нд сургалт, эхний шатны сонгон шалгаруулалтыг явуулна. Улмаар аймгийн хэмжээнд шилдэг хоёр баг шалгаруулж, баг тус бүрд 15 сая төгрөгийн санхүүжилт олгоно.


Нийтдээ 30 сая төгрөгийн шагналын сантай тус уралдааныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, “Стартап маркетинг спэйс трэйнинг” компани хамтран зохион явуулна.

 

Related news