ТӨВ: Иргэдийн хугацаатай хадгаламж 11.4 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-12 17:29:04

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төв аймгийн иргэдийн хугацаатай хадгаламж 187.8 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 11.4 хувиар өсжээ.


Тус аймгийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 65733 хадгаламжийн данс эзэмшигчийн 226.2 тэрбум төгрөгийн хадгаламж банкуудад байршиж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.5 тэрбум төгрөгөөр өсжээ. Нийт хадгаламжийн 85.8 хувь нь хугацаатай хадгаламж байна.


Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй банкуудын статистик мэдээгээр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2026 оны нэгдүгээр сард 526.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 29.3 тэрбум төгрөгөөр, өмнөх сарынхаас 7.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.


Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 2.0 хувь нь чанаргүй зээлийн ангилалд байна. Нийт зээлдэгчийн тоо 54688 болжээ.  Энэ нь өмнөх оныхоос хоёр мянга гаруйгаар өссөн байна.

 

Related news