Төв музей Хөвсгөл аймгийн түүх, угсаатны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан, байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй.
ХӨВСГӨЛ: “Бяцхан археологич” хөтөлбөр хэрэгжүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей нь эртний соёл, археологийн олдвор, оршуулгын зан үйлийг таниулах зорилготой “Бяцхан археологич” хүүхэд багачуудад зориулсан музейн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрөөр дамжуулан сурагчид эд өлгийн зүйлсийг судлах, хайрлан хамгаалах мэдлэг олж авдаг бөгөөд түүхэн дурсгалт зүйлсийг хайрлах, археологийн шинжлэх ухааны талаар мэдлэгээ тэлэх ач холбогдолтой юм.
“Бяцхан археологич” боловсролын хөтөлбөрт Мөрөн сумын "Эрдмийн далай" сургуулийн 10 дугаар ангийн сурагчид хамрагдлаа.
Сурагчид энэ үеэр монгол нутагт байсан эрт үеийн соёлын онцгой хэлбэр болох оршуулга түүнтэй холбоотой зан үйл болон эд өлгийн зүйлсийг хайрлан хамгаалах, судлах талаар тодорхой ойлголт авч, археологийн шинжлэх ухааны талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн байна.

