ХӨВСГӨЛ: “Үндэсний хэл, бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч сум”-аар Их-Уул, Түнэл, Мөрөн сумд шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-12 15:14:19

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар аймгийн удирдах ажилтны цугларалт дээр төрийн албан хаагч бүр үндэсний хэл, бичгээ шамдан суралцаж, өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг уриаллаа.


Энэ үеэр монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, үндэсний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа болсон эх хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх үйлсэд идэвх санаачилга гарган ажилласан сум, байгууллага, иргэдийг шалгаруулж шагнаж урамшуулав.


2025 оны “Үндэсний хэл, бичиг соёлоо дээдлэн дэлгэрүүлэгч сум”-аар Их-Уул, Түнэл, Мөрөн сум шалгарч, эх хэл, үндэсний бичгийн хэрэглээ, түгээн дэлгэрүүлэх ажлыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулсныг аймгийн Засаг дарга онцолж бусад сумыг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхийг уриалж байлаа. 


Мөн эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо дээдлэн хамгаалж, монгол хэлний зөв хэрэглээ, бичгийн соёлыг хамт олондоо түгээн дэлгэрүүлэх үйлсэд манлайлан ажилласан байгууллагуудаар Мөрөн сумын Эрдэм XY цэцэрлэг, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөвсгөл аймгийн Прокурорын газар тус тус шалгарлаа.


Боловсролын яамны “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” тэмдгээр Дэлгэрмөрөн сургуулийн монгол хэлний багш Э.Баяр, Эрдмийн далай сургуулийн монгол хэлний багш Б.Тэгшжаргал нар шагнагдаж, эх хэл, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ үнэлүүллээ.

 




 

 

Related news