ХӨВСГӨЛ: Өсвөрийн шигшээ баг байгуулснаар амжилтаа 14.8 хувиар ахиулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт спортоор амжилт гаргах ирээдүйтэй, авьяаслаг хүүхэд, залуусыг нэгдсэн бодлого, хөтөлбөрийн хүрээнд системтэй бэлтгэн, ур чадварыг нь ахиулж, бүс, улс, тив, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц баг, тамирчдыг бэлтгэх зорилгоор 2024 онд аймгийн Засаг даргын захирамжаар Өсвөрийн шигшээ багийг байгуулжээ.
Аймгийн Биеийн тамир, спортын газрын дэргэд волейбол, сагсан бөмбөг, шатар, таеквондо, чөлөөт бөх, жүдо, тэшүүр гэсэн спортын 7 төрлөөр өсвөрийн шигшээ баг үйл ажиллагаа явуулж байна.
Тус багийн үйл ажиллагаанд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг сонсох, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаанд санал тусгах зорилгоор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа холбогдох албаны хүмүүс шигшээ багийн бэлтгэл сургуулилалтын явцтай танилцлаа.
Спортын төрлүүдийг бодлогоор дэмжин хөгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд Хөвсгөл аймгийн баг тамирчид Хүүхдийн спортын VIII их наадмын өвлийн төрөлд тэргүүн байр, зуны төрөлд гутгаар байрыг тус тус эзэлсэн амжилт үзүүлсэн байна.
Мөн 2025 онд аймаг, улс, тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнээс нийт 161 алт, 161 мөнгө, 180 хүрэл, нийт 502 медаль хүртэж, өмнөх оныхоос 14.8 хувь буюу 65 медалиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
Цаашид аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу өсвөрийн шигшээ багийн төрлийг 10 болгон
нэмэгдүүлж, бодлогын түвшинд дэмжлэг үзүүлэн, тамирчдын амжилтыг ахиулахад
чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа ярилаа.



