УВС: Хүүхдийн тасгийн ачаалал их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-12 11:48:17

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчнөөр 177 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.


Үүнээс халдвартын тасагт 36, эрчимт эмчилгээний тасагт 17, хүүхдийн эрчимт эмчилгээнд 5 хүүхэд эмчлүүлж байна.

Өчигдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн хүлээн авахаар 44 хүүхэд ирснээс 5 хүүхдийг яаралтайгаар хэвтүүлж, 9 хүүхдэд эмчилгээ хийсэн байна.


“Хүүхдийн тасаг 50 ортой ч ачаалал 3 дахин нэмэгдээд байна. Иймээс 120 ор тасагтаа дэлгэснээс гадна халдвартын тасагт 37 ор дэлгэсэн. Өчигдрөөс оргүй болсон тул хуучин эрчимт эмчилгээний тасагт 20 ор нэмж дэлгэлээ. Цаашдаа ачаалал нэмэгдэхээр байна. Ялангуяа 3-аас доош сартай хүүхдүүд ихэвчлэн хүндэрч ирж байна” гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Д.Чагцал ярилаа.


Аймгийн эрүүл мэндийн байгууллагаас иргэдэд амны хаалт зүүх, гараа тогтмол савандаж угаах, хүн хоорондын зай баримтлах, олон нийт цугларсан газарт бага насны хүүхдийг дагуулан явахгүй байх, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт сайтар хийх, хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, мөн илчлэг сайтай хоол хүнсээр хүүхдийнхээ дархлааг дэмжихийг уриалж байна.


Related news