ТӨВ: Технологи, аюулгүй байдалд нийцсэн орчин үеийн сургуулийг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн бага сургууль нээлтээ хийж, 150 гаруй хүүхэд суралцах боломжтой боллоо.
Тодруулбал, сумын төвөөс 10 гаруй километр зайд оршдог Үдлэг багт 6-11 насны 150 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд тэдний зарим нь сумын төв болон Улаанбаатар хотод суралцдаг байна.
Шинэ сургуулийг ашиглалтад оруулснаар тухайн багийн хүүхдүүд гэрээсээ хол сумын төв эсвэл хот руу явж сурах шаардлагагүй болж, ойр орчиндоо боловсрол эзэмших боломжтой боллоо.
Тус сургуулийг олон улсын стандартын дагуу төлөвлөж, хүүхдийн эрүүл, аюулгүй байдал болон суралцах тав тухыг бүрэн хангаад зогсохгүй барилга нь ухаалаг агааржуулалт, шалны халаалтын систем бүхий орчин үеийн инженерийн дэд бүтэцтэй. Мөн Starlink өндөр хурдны интернэтээр тоноглосноор сурагчид технологид суурилсан боловсрол эзэмших боломжтой болж, бага сургуулийн дижитал орчныг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Энэхүү “Багийн бага сургууль” төслийг алслагдсан багт амьдарч буй хүүхдүүдэд гэр бүлийнхээ дэргэд, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар хэрэгжүүлж байна.