ТӨВ: Дэлхийн аваргын анхны алтан медальт Должингийн Дэмбэрэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул Д.Дэмбэрэл 1971 онд Англи улсад зохион байгуулсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, Монгол Улсаас төрсөн анхны дэлхийн аварга болсон түүхтэй.
Уулын спортын ОУХМ, спортын гавьяат багш Р.Зориг 1960 онд БНХАУ-д байт харвааны дасгалжуулагчаар ажиллаж байхдаа Чехословакийн мэргэжилтэн Шимек Антонинтой уулзсан байна. Тэрээр Монгол Улсад байт харвааны спортыг хөгжүүлэх санал тавьснаар 1960 оны 7 дугаар сараас эхлэн 45 хоногийн сургалт зохион байгуулжээ. Тус сургалтад Г.Бямбаа, Г.Лхасүрэн, Д.Дэмбэрэл, Г.Дуламсүрэн, Б.Цэрэн нарын зэрэг 10 гаруй хүн хамрагдсан байна.
Д.Дэмбэрэл 1964 оноос дасгалжуулагч Б.Доржготовын удирдлага дор хичээллэж эхэлжээ. Тэрээр 1967 онд Улаанбаатар хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, спортын мастерын болзол хангасан байна.
Харин 1971 онд 30 метрийн зайн байт харвааны төрөлд тэргүүн байр эзэлж, эх орондоо дэлхийн аваргын анхны алтан медалийг авчирсан юм.
Тус тэмцээнд Д.Дэмбэрэл нийлбэр дүнгээр 12-р байр эзэлсэн байна. Гэвч тухайн үед Дэлхийн байт харвааны холбооноос зай тус бүрд хамгийн өндөр оноо авсан тамирчныг шалгаруулан алтан медаль хүртээдэг журамтай байжээ. Д.Дэмбэрэл 30 метрийн зайд 641 оноо авч, энэ үзүүлэлтээрээ алтан медалийн эзэн болж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд дуурсгасан юм.

“Зууны 100 эмэгтэй” I ботид тэмдэглэснээр, Д.Дэмбэрэлийн шаргуу, тууштай, шантралгүй зан чанар нь багш Д.Доржготовын хайр, талархлыг хүлээжээ. Тэрээр бэлтгэлийн зурвас дээр хэдэн цаг ч хамаагүй зогсож, хэчнээн ч сум харвахад бэлэн байдаг байв. Байны голд онож харвахыг байнга зорьдог, арван оноо бол түүний зорилго, түүний оноо байжээ.
Байт харваагаар тууштай хичээллэснээс хойш гурван жилийн дараа буюу 1967 онд Улаанбаатар хотод болсон олон улсын тэмцээнд оролцож, ЗХУ-ын тамирчин Эмма Ганпчензогийн дараа орж мөнгөн медаль хүртэн спортын мастерын болзол хангав. Хоёр жилийн дараа 1969 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон ч дорвитой амжилт гаргаж чадсангүй. Гэсэн ч дараагийн дэлхийн аваргад заавал амжилттай оролцоно гэсэн зорилго тавин Монголын тамирчид шаргуу бэлтгэл хийжээ. Ийнхүү 1971 онд тэрээр дэлхийн аварга болж, түүхэн амжилтын эзэн болсон юм.
