Баруун бүсийн мэдээлэл зүйн олимпиадад Увс аймгийн багш, сурагчид тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын дундах мэдээлэл зүйн хичээлийн олимпиад Увс аймагт болж, өчигдөр дүнгээ гаргалаа.
Олимпиадад баруун таван аймгийн 60 багш, сурагч гурван ангиллаар өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Багшийн төрөлд 20 багш өрсөлдсөнөөс Увс аймгийн Улаангом сумын ЕБС-ийн 1-р сургуулийн багш Ц.Цэдэвсүрэн тэргүүлжээ.
Ахлах ангийн сурагчдын төрөлд Увс аймгийн Зүүнговь сумын ЕБС-ийн сурагч Б.Түвшинжаргал болон Увс аймгийн “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн сурагч Б.Лхагва нар тэргүүн байр эзэлжээ.
Мөн дунд ангийн төрөлд Увс аймгийн Улаангом политехник коллежийн сурагч А.Оюунхишиг болон Улаангом сумын ЕБС-ийн 2-р сургуулийн сурагч Н.Ган-Эрдэнэ нар тус тус тэргүүлсэн байна.
Шалгарсан багш, сурагчид ирэх сард Улаанбаатар хотноо болох улсын олимпиадад оролцох эрхээр шагнууллаа.
Баруун бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын дундах мэдээлэл зүйн хичээлийн олимпиадыг Улаангом политехник коллеж сүүлийн хоёр жил дараалан зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчид зохион байгуулалт сайтай байсныг онцолж байв.

Ташрамд, Увс аймгийн Улаангом сумын ЕБС-ийн 1-р сургуулийн багш агсан Б.Цолмонхүү 1992-2010 оны хооронд улсын мэдээлэл зүйн хичээлийн олимпиадад 8 удаа түрүүлж, 7 удаа аман хүзүүдэж, 3 удаа гуравдугаар байр эзэлсэн түүхэн амжилтыг үзүүлсэн байна. Мөн энэ удаагийн баруун бүсийн мэдээлэл зүйн хичээлийн олимпиадад түрүүлсэн Увс аймгийн Улаангом сумын ЕБС-ийн 1-р сургуулийн багш Ц.Цэдэвсүрэн 2011-2025 оны улсын олимпиадад нэг удаа түрүүлж, 3 удаа аман хүзүүдэн, 2 удаа гуравдугаар байр эзэлсэн байна.
Тэрчлэн 1992-2025 оны хооронд улсын мэдээлэл зүйн хичээлийн олимпиадад Увс аймгийн сурагчид 2 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бөгөөд Улаангом сумын ЕБС-ийн 2-р сургуулийн сурагч Б.Батцагаан нэг алт, хоёр хүрэл медаль хүртжээ.