ХӨВСГӨЛ: Нэгдсэн эмнэлэг Тэжон хотын “Сан” эмнэлэгтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг БНСУ-ын Тэжон хотын Со дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Тэжон хотын “Сан” эмнэлгийн хамтын ажиллагааны төвийн ерөнхий менежер Ян Ён Воноор ахлуулсан төлөөлөгчид Хөвсгөл аймагт ажиллаж, Эрүүл мэндийн байгууллагынхантай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Төлөөлөгчид аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, дүрс оношилгоо, лаборатори, уламжлалт болон сэргээн засах кабинетын үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагын талаар мэдээлэл авлаа.
Цаашид БНСУ-ын Тэжон хотын "Сан" эмнэлгийн хамтын ажиллагааны төвтэй цаашид хамтран ажиллах, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг туршлага судлуулах, сургаж чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


