ДОРНОД: Угтамын хийд Монголын буддын шашны хамгийн томоохон хийдүүдийн нэг байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-11 17:11:42

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутагт Угтам уул оршдог. Уулын бэлд байрладаг Угтамын хийд нь Монголын буддын шашны томоохонд тооцогддог бөгөөд өнөөдөр ч үйл ажиллагаагаа явуулж байна.


Түүхэнд тэмдэглэснээр энэ нутагт Тогоонтөмөр хааны удмынхан үе дамжин нутаглаж иржээ. 1882 онд Чингисийн хар сүлдийг тахидаг Тугийн сүмээс 200 гаруй үхэр тэргээр ачаа бараа зөөж Угтамын хийдэд авчирсны дараа үүр шөнийн заагаар 100 морьтон Чингис хааны хар сүлдийг тахисан гэдэг. Энэ үеэр хийдийн эзэн болгож Товчин хувилгааныг тодруулжээ. Товчин хувилгааны номын өргөөг дуулга хувцастай хоёр баатар болон баавгай хамгаалдаг байсан гэлцдэг бөгөөд өргөөний ард Чингис хааны хар тугийг байрлуулдаг байжээ.


Мөн Угтамын хийдэд 80 тохой Майдар бурхан залж, тахилга үйлдэн хар тугийг хар хонины зүрхээр тахидаг байсан түүхэн мэдээ байдаг. Хийдэд улаан ямаа, хөх бух, хар нохой, хон хэрээ зэрэг сэтэртэй амьтад байжээ. Тухайн үед энэ хийдэд мянга орчим лам шавилан сууж, маарамба, дооромбын сургалтын дацангуудтай байсан ажээ.

Related news