ТӨВ: Татвар, тайлан, санхүүгийн дэмжлэгийн хүндрэл бизнес эрхлэгчдэд бэрхшээл учруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2026-03-11 15:46:02

Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын ЗДТГ-аас жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлгийг 3 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа. 


Уулзалтын үеэр УИХ-аас бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, хууль эрх зүйн орчны талаар болон Төв аймгаас жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулсан юм.


Мөн уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид тулгарч буй хүндрэл, бэрхшээл, санал, хүсэлтээ илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудтай санал солилцлоо.


Тухайлбал, Татварын бодлого, тайлан тушаах үйл явц, мэдээлэл хомс байх, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа ч дэмжлэг тусламж, зээлд хамрагдаж чадахгүй байх гээд олон асуудалтай тулгардаг талаараа хуваалцлаа.


Сумын удирдлагууд болон зохион байгуулагчдын зүгээс уулзалтын үеэр гарсан санал, хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжлан, шийдвэрлүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.


Төв аймгийн хэмжээнд ахуй үйлчилгээний зориулалтаар 416, хүнсний дэлгүүрийн зориулалтаар 512, нийтийн хоолны зориулалтаар 135 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр бизнесийн салбарын 70 гаруй хувьд эмэгтэйчүүд ажиллаж байна. 


Related news