ДОРНОД: ХДТ-ын симфони оркестр БНСУ-д тоглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Алтангадас одонт ХДТ-ын симфони найрал хөгжим БНСУ-ын Тэжон хотын Үндэсний хөгжмийн театрын тайзнаа тоглолтоо тавьжээ.
Тоглолт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд ХДТ-ын "Талын аялгуу" хөгжмийн хамтлагийн уран бүтээлүүд, мөн дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн сор болсон бүтээлүүдээс тоглосон байна. Тухайлбал, “Чингисийн магтаал” хөөмийн түрлэг, Б.Гэрэлмаагийн хөгжим “Баргын тал”, МУАЖ В.Боролдойн хөгжим “Бурхдын дуулал” зэрэг өөрсдийн бүтээлүүд, МУАЖ Б.Шаравын “Үхэж үл болно” киноны хөгжим, МУАЖ Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим, И.Брамсын “Унгар бүжиг”, “Радекций марш”, Оффенбах “Кан кан”, Ж.Бизе “Кармен” дуурийн удиртгал зэрэг бүтээлийг эгшиглүүлжээ. Энэхүү тоглолтыг Дорнод аймаг, Тэжон хотын соёлын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж, ХДТ-ын 24 уран бүтээлч тоглолтод оролцсон байна.
Сонирхуулахад, Симфони оркестр нь орон нутагт цор ганц бөгөөд МУАЖ В.Боролдой агсан 1978 онд “Цэнхэр дурдан алчуур” хэмээх гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт бүжгийн жүжгийн хөгжмийг өөрийн байгуулсан оркестртоо зориулан анх тайзнаа тавьж байжээ. Хоёр жилийн дараа Хөгжимт драмын театрын симфони оркестрын 50 жилийн ой тохионо. Өдгөө тус оркестр өөрийн болон дэлхийн сонгодог 60 шахам хөгжмийн бүтээлийг түүвэрлэн тоглож байна.