ДОРНОД: “Шидэт хүүрийн үлгэр” ном эрдэм шинжилгээний чухал эх сурвалж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-10 15:03:23

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сарва хэмээх ухаант хөвгүүн аглаг ойд буй модны үзүүрт өлгөөтэй "Шидэт хүүр"-ийг барьж аван, үүрээд явах үед үйл явдал өрнөдөг. Хүүр нь зам зуурт уйдахгүйн тулд Сарвад үлгэр ярьж өгдөг. Үлгэрийн төгсгөлд хүүр нэгэн асуулт асуух бөгөөд Сарва түүнд нь хариулах гэж ам нээх төдийд хүүр шууд мод руугаа нисээд буцчихдаг тухай үйл явдал номд гардаг. Энэхүү "Шидэт хүүрийн үлгэр" хэмээх ном нь үлгэрийн ном гэхээс илүү эрдэм шинжилгээний чухал эх сурвалж болдог. БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, Хэл зохиолын хүрээлэнгээс 1964 онд энэ номыг хэвлэсэн бөгөөд өдгөө Дорнод аймгийн Төв номын санд хадгалагдаж байна. 


Номыг төвөд, монгол бичвэрийг зэрэгцүүлэн хэвлэсэн нь эртний орчуулгын арга барилыг танин мэдэх, мөн Төвөдөөс Монгол руу утга зохиол хэрхэн дамжин тархсаныг судлах боломжийг бүрдүүлжээ.


Энэ зохиол нь Энэтхэгээс гаралтай, төвөдөөр дамжин монголчуудын дунд хамгийн их түгэн дэлгэрчээ. Одоогоос нэгэн жарны өмнө хэвлэгдсэн энэхүү ном монгол судлалын "Алтан сан"-д багтдаг. 



Related news