ХӨВСГӨЛ: Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил энэ онд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Хөвсгөл аймагт ажиллахдаа “Энэ жил Хатгал-Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын барилгын ажил эхэлнэ. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар аялал жуулчлал, худалдаа, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилд чухал түлхэц өгнө” гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
Ханх-Хатгал чиглэлийн 180 км авто зам тавьснаар Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрут бий болж, Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
Ханх Мондын боомтоор жилд 30 гаруй мянган иргэн зорчдог бол хатуу хучилттай авто замтай болсноор аялагч иргэдийн тоо 2-3 дахин нэмэгдэнэ.
Мөн Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулах, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих олон талын ач холбогдолтой юм.
