ДОРНОД: Вангийн цагаан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-09 19:02:33

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Эртний тахилгат Вангийн цагаан уул нь Дорнод аймгийн Халхгол сумын нутагт улсын хилийн наана оршдог.


Их талын дундах уул учраас бараа нь 40-150 километрийн алсаас харагдана. Вангийн цагаан уулын эргэн тойронд Зүрхийн цагаан хоолой, Цагаан овоо, Сангийн далай нуур зэрэг газрууд байх бөгөөд Халхын мэргэн ван Тогтохтөр ардуудтайгаа нутаглан амьдарч байжээ.


Уулын тахилгыг 1937 онд хааж, 1990 онд буцааж сэргээсэн бөгөөд өдгөө гурван жил тутамд тахиж байна. Вангийн цагаан уулын тухай нутгийнхан ийнхүү домоглодог.


Монгол улс Манжийн дарлалд байх хүнд хэцүү цаг үед Манжийн нэгэн түшмэл эзэн хаандаа ажил хэрэгч, ухаалаг түшмэл болж харагдах гэж ихэд хичээдэг байжээ. Их зант түшмэл монгол нутгийн Цагаан уулыг өөрийн эзэмшил газраа хэмээн өмчлөхөөр улайрч гэнэ. Үүнд эгдүүцсэн халхын мэргэн То ван ийн хэлжээ. “Энэ уул яг нэг үхрийн ширний хэмжээтэй. Үхрийн ширний хэмжээнээс илүү гарсныг нь та ав даа, харин танай, манай хоёр айл хөрш болон амьдрах болбол манай нохой идүүртэй хоолноосоо танай нохойд долоолгохгүй байх шүү” гэжээ. Далд утгатай энэ үгийг тайлж эс чадсан манж түшмэл “Энэ уулаас ердөө нэг үхрийн ширний хэмжээтэй нь танай газар нутаг, илүү гарсан нь бүгд минийх болно шүү” гэв. Ингээд гурав хоногийн дараа уулзаж, Цагаан уулыг хувааж авахаар болжээ.


Мэргэн То Ван том эр үхрийн ширийг тойруулан хурц хутгаар утас шиг нарийхан болгон зүсүүлж маш урт сур бэлдэж, хатаж агшихаас нь сэргийлэн усанд хийн хадгалжээ. Ингээд болзсон өдөр ирэхэд То ван урт сураа хөврүүлсээр Цагаан уулыг битүү цагираглан хүрээлэхэд хоёр алд хэртэй үзүүр илүү гарчээ. Тэгээд То ван “Манай уулаас нэлээд хэсгийг нь хулгайч авсан байна. Олон жилийн өмнө аав минь эзэн хаанд бэлэглэхээр зэхсэн алтаа энэ ууланд нуусан гэдэг. Гэтэл алт нуусан яг тэр хэсэг нь алга болсон байна. Та тэр алтыг хулгайлж аваад дахин алт олох гэж шунахайрч байгаа юм байна. Энэ уулыг манай уул гэж зарга үүсгээд байсан учрыг чинь оллоо. Би таны тухай эзэн хаанд зарга мэдүүлэх болно” гэж их л ширүүхэн хэлж гэнэ. Гавьяа шагнал битгий хэл ял шийтгэлд ч унаж магадгүй болсон манж түшмэл сандран То ванд мөнгөн ембүү хоёрыг бариад яарч сандран буцжээ.


Мэргэн То ван эр зориг гарган ухаан сийлж нутгийн уулаа харийн түшмэлд алдалгүй авч үлдэж чадсан учир тэр уулыг Мэргэн То вангийн цагаан уул гэж нэрлэх болжээ. 

Related news