ДОРНОД: Хэ Ван Юаны бичиг Төв номын санд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. XVIII зууны Монгол, Манжийн харилцааг гэрчлэх анхдагч бичмэл сурвалж бол Хэ Ван Юаны бичиг юм. 1969 онд хэвлэгдсэн Хэ Ван Юаны бичиг Дорнод аймгийн Төв номын санд хадгалагдаж байна.
Энэ ном нь монгол судлалын алтан санд ордог “Corpus Scriptorum Mongolorum” цувралын нэг хэсэг бөгөөд XVIII зууны үеийн Монголын нийгэм, улс төр, гадаад харилцааны чухал баримтуудыг хуучин монгол бичгээр, эх хувиар нь буулгасан байдаг. Энэ нь түүхийн үнэнийг гуйвуулалгүйгээр судлахад хамгийн чухал хэрэглэгдэхүүн болдог бөгөөд ховордсон номын тоонд орж байна.
Номоос монгол ноёдын тамга тэмдэг,
зэрэг дэв, монголчуудын аж ахуй, зан заншлын тухай тэмдэглэлүүд, хятад, манж, монгол хэлний харьцуулсан судалгаанд ашиглагдах үг хэллэгүүд зэрэг олон
сонирхолтой зүйлсийг танин мэдэх боломжтой.
Хэ Ван Юан нь Манжийн төрд алба хааж байсан ч Монголын түүх, соёл, засаг захиргааны хэргийг нэгтгэн бичсэнээрээ түүхчдийн анхаарлыг татдаг.
Сонирхуулахад, "Corpus Scriptorum Mongolorum" цуврал нь Монгол Улс дэлхийд өөрийн түүх, соёлоо шинжлэх ухааны түвшинд албан ёсоор тунхагласан том ажил бөгөөд үүнийг академич Б.Ринчен тэргүүтэй соён гэгээрүүлэгчид эрхлэн гаргаж байсан түүхтэй.