ХӨВСГӨЛ: Сурагчдын англи хэлний боловсролд шинэ боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2026-03-09 15:47:14

Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, Их Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн II үе шат таван аймагт амжилттай хэрэгжиж дууслаа.


Төслийн эхний шат өнгөрсөн онд Сүхбаатар, Баянхонгор, Баян-Өлгий аймгийн 320 гаруй англи хэлний багш нар нийт 100 гаруй цагийн сургалтад хамрагдаж, англи хэлний дүрэм, унших, сонсох, бичих ур чадварууд болон англи хэл заах арга зүйд суралцсан.


Төслийн 2 дахь үе шат Архангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл аймагт энэ оны нэгдүгээр сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн юм.


Төсөлд хамрагдсан Хөвсгөл аймгийн 161 англи хэлний багш англи хэлний дүрэм, унших, сонсох, бичих ур чадварууд болон англи хэл заах арга зүйд суралцаж НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Беате Дастел, Их Британийн Элчин сайд Фиона Блайт нар сертификат гардууллаа.


Төслийн хүрээнд 430 гаруй англи хэлний багш хэлний мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх сургалтад хамрагдаж, бага ангийн сурагчдад англи хэл заах аргад суралцсан байна. Мөн 15 чиглүүлэгч багш бэлтгэсэн нь орон нутгийн хэмжээнд тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлж байна.


Төслийн үр дүнд 20000 гаруй бага ангийн сурагч чанартай англи хэлний боловсрол эзэмших, хэлний мэдлэг, ур чадвараа ахиулах боломж нөхцөл бүрдэж байна.







  

Related news