УВС: Хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, осол гэмтлээс сэргийлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-09 14:32:09

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнээр ахлуулсан ажлын баг энэ өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.


Өчигдөр тэрбээр аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, сумдын Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтнуудтай уулзаж, иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, хүний нөөц, тоног төхөөрөмж болон тусламж үйлчилгээний нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцлоо.


Увс аймгийн иргэдийн өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хавдар бөгөөд тэр дундаа ходоод, улаан хоолойн хавдрын өвчлөл, нас баралт улсын хэмжээнд тэргүүлж байна. Жилд 200 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 800 гаруй хүн хавдрын хяналтад байгаа бөгөөд дийлэнх нь хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны хавдар эзэлдэг.


Иймд ходоод, улаан хоолойн хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эхэн үед нь өртөг багатай эмчлэх цогц хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатайг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ үеэр онцоллоо. Эдгээр хавдрыг дурангийн нэг шинжилгээгээр илрүүлэх бүрэн боломжтой тул эрт илрүүлгийг нэмэгдүүлснээр богино хугацаанд үр дүн гарч, хүн амын нас баралтыг бууруулах боломжтойг тэмдэглэв. Мөн осол гэмтэл, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.


Аймгийн төр захиргааны байгууллага болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ходоод, улаан хоолойн хавдрын эрт илрүүлэгт иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, мөн ходоодны өвчлөлтэй холбоотой хеликобактерын халдварыг илрүүлэх тоног төхөөрөмжийг шийдвэрлэн ажиллаж байгааг Эрүүл мэндийн байгууллагын удирдлага онцлов. Мөн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хавдрын эрт үеийн шинж тэмдгийг таниулах, урьдчилан сэргийлэх сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулж байна гэв.

Цаашид Увс аймаг бүс нутагтаа хоол боловсруулах эрхтэн тэр дундаа ходоод, улаанхоолойн хавдрын илрүүлэг, эмчилгээний төв болж ажиллах зорилт тавин ажиллаж байгааг аймгийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд уулзалтын үеэр танилцуулсан юм.


Ж.Чинбүрэн сайд өнөөдөр Увс аймагт үргэлжлүүлэн ажиллаж, Азийн хөгжлийн банкны 5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьсан Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлтэд оролцож байна.



Related news