Н.Учрал: “Нарлаг Монгол малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүдийн хойд бүсийн иргэдтэй хийж буй уулзалт Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд үргэлжилж байна.
УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам-дөрвөн чөлөөлөлт” бодлогоо танилцууллаа.
Энэ санаачилгын хүрээнд малчдын эрх ашгийг бодлогын цөмд нэгтгэх, орлогыг төрөлжүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр багтсан “Нарлаг Монгол малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.
Мөн Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай байгуулсан Худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд нийт 367 барааг тухайн бүсэд татваргүй экспортлох боломжтой болсныг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцоллоо.
Иймд бүс нутгуудад ложистикийн төв байгуулж, дэд бүтцээр дэмжихэд анхаарахаа илэрхийлэв.
Иргэдийн зүгээс малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх санаачилгуудыг
хэлж, аялал жуулчлалын босоо тэнхлэгийн авто зам, ноос ноолуур боловсруулах
үйлдвэр, дулааны станцын инженерийн шугам сүлжээний бүтээн байгуулалтуудын
ажлуудыг урагшлуулах шаардлагатайг уламжиллаа.


