ДОРНОД: Халх голын дайн эхлэхээс дуусах хүртэлх баатарлаг үйл явдлыг Монгол дайчдын хөшөөнд дүрсэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах Монгол дайчдын хөшөөг 1989 оны 7 дугаар сард, Халх голын дайны ялалтын 50 жилийн ойд зориулан бүтээн босгожээ.
БНМАУ-ын шагналт архитекторч Д.Чойжилжав, Г.Цэрэндорж, уран барималч Л.Бэхбат, зураач Д.Бат-Эрдэнэ нарын зураг төслөөр Барилгын цэргийн 030 дугаар анги, Чулуу олзворлолтын үйлдвэрлэлтийн хамт олон барьж байгуулсан түүхтэй. Цагаан гантигаар Ялалтын хаалгыг босгож, орой дээр нь алтан соёмбо залсан байдаг.
Ялалтын хаалганы гол тэнхлэгээс сум мэт дүүлэн, эх орныхоо дархан хил хязгаарыг баатарлагаар хамгаалсан монгол цэрэг, дайчин эрийн хөшөөг морь унасан байдалтайгаар аранжин зэсээр дүрсэлжээ. Ялалтын хаалганы дотор талд номин цэнхэр өнгөөр Халх голын урсгал усыг дүрсэлж, хөшөөний ар талд нум хэлбэртэй хоёр хананд дайн ба ялалтын утгыг илэрхийлсэн өнгөт шилэн шигтгэмэлээр Халх голын дайн эхэлсэн анхны өдрөөс дуусах хүртэлх баатарлаг үйл явдлыг харуулсан байдаг.