ДОРНОД: Могойтын рашаан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Баяндун, Дашбалбар сумын нутгийг дамнан оршдог Угтам уулан дахь Угтамын хийдийн дэргэд Могойтын рашаан байдаг.
Угтам уулыг 1993 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Баруун, зүүн Сүүж, Аргалант, Жимгэр, Дангай, Дэл, Тавнын зэрэг жижиг горхи бүхий хөндий болон Толь нуур, Хайрханы цагаан нуур, Өвгөдийн Хар, Цагаан нуур зэрэг жижиг нуур тойром, булаг горхи олонтой.
Мөн Дорнод аймгийн Баяндун сумын гуравдугаар багийн нутагт Тэмээн уулын агуй бий. “Агуйн амсар өвөлдөө цантдаг учир дотор нь аварга могой бий” гэх яриа эрт үеэс дамжин иржээ. 1959 оны наймдугаар сард Их газрын чулуунд авиралт хийсэн багийнхан энэ агуйд орсон байна. Агуйн ам нь 2 метр голчтой, доош ороход 6 метр болж өргөсжээ. Харин 60 метрийн гүнд дөрвөн ханатай гэрийн буйр шиг талбайтай, шал шиг тэгш ёроолтой байжээ. Агуйн чулуунууд тэр чигтээ зөөлөн байснаас эмтэлж гадагш гаргаж тавихад нар, салхины нөлөөгөөр хоромхон зуурт ердийн чулуу шиг болж байсан гэнэ.