Эв нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэрийг хэвээр үлдээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО 2026 оны гуравдугаар сарын 5 /Kyodo/. Токио хотын Давж заалдах шатны шүүх өчигдөр Засгийн газрын хүсэлтийг хангаж, Эв нэгдлийн сүмийг татан буулгах шийдвэрийг хэвээр үлдээв. Ингэснээр тус сүмийг татан буулгах, хөрөнгийг нь хураах ажиллагаа тэр даруй эхэлж байна.
Токиогийн Давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Мики Мотокогийн мэдэгдсэнээр, тус сүм нь хууль бусаар хандив цуглуулах ажиллагаагаа үргэлжлүүлж, улмаар гишүүдээ, мөн бусад хүмүүсийг санхүүгийн хүнд нөхцөлд оруулах магадлалтай гэж шүүх үзжээ.
Тус сүмийн гишүүн байсан нэгэн иргэн шүүхийн шийдвэрийг сайшааж “Бидний олон жилийн зовлон зүдгүүрийг шүүх анхааралдаа авлаа. Над шиг сүмээ орхисон хүмүүсийг нийгэм хүлээж авна гэж найдаж байна” хэмээн ярилаа.
Хэдийгээр тус байгууллага Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр шууд хэрэгжиж эхэлснээр уг сүм нь шашны байгууллагын эрхээ алдаж, татварын хөнгөлөлт эдлэх эрхгүй боллоо.
Японы хууль тогтоомжийн дагуу шашны байгууллага нь нийгмийн сайн сайхан байдалд илт хохирол учруулсан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд эрх бүхий байгууллагууд шүүхэд татан буулгах хүсэлт гаргах эрхтэй байдаг.
Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кихара Минорү хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, татан буулгах ажиллагааг шүүхийн хяналт дор зохих ёсоор явуулж, хохирогчдын хохирлыг шуурхай барагдуулна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр хохирогчдод хурдан тусламж үзүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авах талаар холбогдох яам, агентлагуудыг хамтран ажиллахыг үүрэг болгосон байна.
Харин Эв нэгдлийн сүм шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ. Уг мэдэгдэлд шүүхийн шийдвэрийг “үндэслэлгүй”, “урьдаас төлөвлөсөн” гэж тодорхойлоод, шашин шүтэх эрх чөлөөгөө хамгаалахын тулд тэмцэх болно гэжээ.
Энэ нь Японд "хууль тогтоомж, дүрэм журам" зөрчсөн үндэслэлээр шашны байгуулллагыг татан буулгаж буй гурав дахь тохиолдол болж байна. Өмнө нь 1995 онд Токиогийн метронд хорт хий ашиглан халдлага үйлдсэн “Аум Шинрикё” гэдэг бүлэглэлийг татан буулгаж байсан юм. Харин Иргэний хууль зөрчсөн үндэслэлээр татан буугдаж буй анхны тохиолдол нь Эв нэгдлийн сүм болж байна.
Албан ёсоор “Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо” гэгддэг тус сүм нь 2022 онд Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог буудаж хөнөөсөн хэргийн дараа олны анхаарлын төвд оржээ. Түүнийг хөнөөсөн этгээд мэдүүлэхдээ, түүний ээж нь уг сүмд их хэмжээний хандив өргөсөнд өширхсөн гэсэн байна.
Бүх насаараа хоригдох ял сонсож, давж заалдаад байгаа Тэцүя Ямагами мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ, Абэ Шинзогийн өвөө, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Киши Нобүсүкэ “Эв нэгдлийн сүм”-ийг Японд үйл ажиллагаа явуулахад тусалж байсан тул түүнийг онилсон гэжээ.
Тус сүм нь 1954 онд БНСУ-д байгуулагдсан бөгөөд 1960-аад оны эхээр Япон улсад шашны байгууллагын статустай болжээ.
Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн амь насыг хөнөөсөн хэргийн дараа эрх баригч Либерал Ардчилсан намын зарим гишүүн тус сүмтэй холбоотой байсан нь ил болж, томоохон дуулиан дэгдсэн юм. Үүний улмаас 2022 оны 12 дугаар сард шашны байгууллагуудыг ашиглан хандив цуглуулах үйл ажиллагааг зохицуулах тусгай хууль батлагдсан билээ.