УВС: “Шинэ-Улаангом” захыг шинээр барихад улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн санхүүжилт шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-05 11:43:16

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяраар ахлуулсан ажлын баг энэ сарын 4-нд галд өртсөн “Шинэ-Улаангом” захын түрээслэгчидтэй уулзав.


Энэ үеэр гал гарснаас хойших хугацаанд хийсэн ажил болон цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө. Галын дараах нөхцөл байдал, хохирлыг арилгах чиглэлээр хийсэн ажлууд болон шинэ зах барихтай холбоотой асуудлыг танилцуулсан юм. “Шинэ-Улаангом” захыг шинээр барихад зориулан улсын төсвөөс 3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгчээ.


Мөн шинэ захыг хуучин суурин дээр нь барих эсэх, эсвэл өөр байршилд барих талаар түрээслэгч, худалдаа эрхлэгчдээс санал авахад уулзалтад оролцсон 189 иргэнээс 169 нь шинэ захыг өөр байршилд барих санал гаргалаа. Иймээс энэ саналыг ажлын баг судалж, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэхээс гадна шуурхай арга хэмжээ авч ажиллах юм.


Увс аймгийн Улаангом суманд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрийн өмчит “Шинэ-Улаангом” захад гал гарч, тэнд үйл ажиллагаа эрхэлж байсан 300 гаруй худалдаа эрхлэгч хохирсон юм.

Related news