УВС: Байгаль, түүх, угсаатны өвийг нэг дороос

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2026-03-04 12:30:29

Улаангом, 2026 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-7-ны өдрүүдэд улс орон даяар өрнөж байгаа “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хүрээнд аймгийн музей өдөр бүр 09:00-16:30 цагийн хооронд ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.

Аймгийн музей хөөмөл, чулуун сийлбэр, уран зураг, зүмбэр урлал, шашин, угсаатны зүй, амьтан, түүхэн гэрэл зураг, ургамал, чулуулга, археологи болон түүхэн бие хүмүүстэй холбогдох эд өлгийн зүйлсээс бүрдсэн 2894 дэсийн 5994 ширхэг үзмэртэй.


Тус музейг зорин ирсэн үзэгчид Увс аймгийн ан амьтан, жигүүртэн шувууд, байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүх соёлын үл хөдлөх дурсгалууд, Увс нуурын ай савын тухай, Галданбошигт хаан, Юмжаагийн Цэдэнбал, Зая бандида Намхайжамц, Амарсанаа нарын түүх намтар, тэдний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг сонирхохоос гадна Дөрвөд далай ханы эмээлийн мод, хэт хутга, тод үсгийн дурсгалууд, Увс аймгийн олон угсаатны бүлгийн өвөрмөц онцлогийг илтгэх үзмэрүүд, бух ноолдооны шалбуур зэрэг ховор нандин эд өлгийг үзэж, дэлгэрэнгүй тайлбар сонсох боломжтой юм.


Өнгөрсөн онд Увс аймгийн музейг танхимаар 15 мянган хүн, аймгийн 100 жилийн ойн хүрээнд 30 мянган хүн үзэж сонирхон, төсөвт 18 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, түүхэндээ хамгийн олон хүнд үйлчилсэн жил болжээ. 


















Related news