ДОРНОД: Юм судрын 10 дугаар боть Төв номын санд хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит Дорнод аймгийн Төв номын сангийн сан хөмрөгт 200-300 жилийн өмнөх үед хамаарах төвөд болон монгол бичгээр бичсэн эртний 2000 гаруй ном судар бий. Дээрх судар бичгүүдийн дийлэнх нь шашны холбогдолтой бүтээлүүд юм. Үүний нэг нь Юм судрын 10 дугаар боть бөгөөд ихэвчлэн 100 мянган шүлэгтэй Жадамба их хөлгөн судрын нэг хэсэг байдаг.
Юм гэдэг нь “эх” гэсэн утгатай. Хамаг Будда нарыг төрүүлсэн “Билгүүний эх” хэмээн дээдэлдэг буюу бүрэн нэр нь “Билгүүний чанад хязгаарт хүрэхүй” юм. Энэхүү судар нь ертөнцийн бүх юмс үзэгдэл өөрийн бие даасан чанаргүй, "хоосон" болох тухай гүн ухааны сургаалыг өгүүлдэг. Юм судар нь хэмжээнээсээ хамаарч "Их юм" буюу 100 мянган шүлэгт, "Дунд юм" буюу 25 мянган шүлэгт, "Бага юм" буюу найман мянган шүлэгт гэж хуваагддаг.
Монголчууд эрт дээр үеэс энэхүү судрыг төвөд хэлээр нь уншиж, гэр орондоо залж, гай барцадыг арилгах, буян хураах хамгийн дээд ном хэмээн шүтэж иржээ.
