ДОРНОД: Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнийг одоогоор хязгаарлаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2026-03-01 22:21:33

Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа П.Мөнхбаяр: “Одоогоор Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаагүй ч цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ” гэв.


Маргааш өглөөний 5.00 цагаас эхлэн Дорнод аймгийн нийт нутгаар цас орно гэж УЦУОШТ-өөс мэдээлэв. Цас 3-ны өглөө нутгийн хойд хэсгээр зогсох боловч өдрөөс эхлэн Матад, Халх голын нутгаар тасралтгүй 24 цаг үргэлжлэн орно. Энэ үеэр Матад, Халх голын сав газраар 18-20 м/сек, бусад нутгаар 12-14 м/сек хүрч салхилна.


Аймгийн төвөөс гарах зургаан цэгт ОБГ, Цагдаагийн газраас хамтарсан пост гараад байна. Цасан шуурганы үеэр 18-20 м/сек хүрч хүчтэй салхилах учраас өндөр настай болон бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малаа хол бэлчээхгүй, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.

Related news