ДОРНОД: Авто тээврийн хөдөлгөөнийг 4.00 цагаас түр хязгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй холбогдуулан өнөө шөнийн 4.00 цагаас 3-ны өглөөний 8.00 цаг хүртэл аймаг, сумдаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлана.
Мөн Хавирга-Архашаат боомтоор нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд түр хязгаарлахаар болжээ.
Өнөө шөнөөс эхлэн 3-ны өдрийг хүртэл нийт нутгаар ахиу хэмжээний цас орж, салхи секундэд 12-14 метр, Матад, Халх голын сав нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэх, цасан шуурга шуурах төлөвтэй гэж УЦУОШТ-өөс мэдээлэв.
Иргэд, жолооч нар цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзэж,
онцын шаардлагагүй тохиолдолд холын замд гарахгүй байх, бага насны хүүхэд,
өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй
эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Аймгийн
Онцгой комиссоос Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнийг цаг агаарын нөхцөл
байдлыг тухайн үед нь үнэлж шийдвэрлэнэ гэв.