ТӨВ: Монгол Улсын баатар Д.Самдангийн хөшөөнд хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2026 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. “Эх орончдын өдөр”-ийг 2004 оны 3 дугаар сарын 1-нээс жил бүр тэмдэглэдэг болсон. Энэхүү өдрийн хүрээнд Төв аймгийнхан Монгол улсын дөрөв дэх ерөнхий сайд, ардын хувьсгалын анхны долоогийн нэг, төрийн нэрт зүтгэлтэн Д.Бодоо, Монгол улсын баатар Д.Самдан нарын хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, үйл хэргийг нь дурсдаг.
Иймд эх орныхоо тусгаар тогтнол, мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхдийнхөө төлөө тэмцсэн Монгол улсын баатар Дуламдоржийн Самдангийн түүхийг өгүүлье.
Пулемётчин Д.Самдан нь Төв аймгийн Борнуур суманд 1916 онд мэндэлсэн. 1939 оны намар Японы эзлэн түрэмгийлэгчид Д.Самдангийн алба хааж байсан цэргийн ангийг бүслэн авахыг оролдоход тэр анги байрлалаа өөрчилж, ашигтай байр эзлэх тушаал авчээ. Энэ үеэрээ Д.Самдан пулемётын мэргэн галаар өөрийн ангийг дайсны довтолгооноос хамгаалах үүрэг хүлээсэн байдаг.
Япончуудыг 50 м хүртэл ойртуулаад пулемётын ширүүн гал нээж хиаруулсан чадсан хэдий ч дайснууд түүний зүг дайрч байх үед сум нь дууссан байна. Иймд тэрээр гардан байлдаанд орж пулемётынхоо улайдсан гол төмрийг гартаа барьж дайсныг цохиж унагасаар байв. Ийнхүү байлдахдаа 12 дайсныг цохиж устгасан ч улайдсан гол төмрийг атгаж байлдсан тул гарынх нь алга наалдаж, шөрмөс нь атгасан чигээрээ татсан байдалтай нас барсан тул пулемётоо атгасан чигт нь оршуулжээ.
Д.Самданд 1973 онд Төв аймгийн 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар хэмээх цолыг нэхэн олгожээ.
1921 оны 3 дугаар сарын 1-нд С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол, Д.Чагдаржав, Х.Чойбалсан нарын ардын хувьсгалын анхны долоо нэгдэж, Монгол Ардын Намыг үндэслэн байгуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээсэн түүхтэй.