ХӨВСГӨЛ: "Хөх сувд-2026" мөсний наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хатгал, 2026 оны гуравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон
зохион байгуулдаг “Хөх сувд-2026” олон улсын мөсний наадам Хатгал тосгоны Хүй
толгойд эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ард түмэндээ
хандаж XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн мэндчилгээ дэвшүүлэх
үеэр Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гарсныг албан ёсоор зарласан.
Иймээс энэ жилийн мөсний наадмын нээлт утга агуулга, бэлгэдлийн хувьд төрийн тахилгатай Хөвсгөл нуураа хайрлан хамгаалахыг уриалж буйгаараа онцлог байлаа.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагч Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар Сантын өвөр гэдэг газарт мөсний баяр зохион байгуулж, арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байжээ.
Харин 2001 оноос мөсний баярын хүрээ тэлж,
өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болон өргөжин хөгжиж байна.
Мөсний наадам нь жил бүр уламжлал болгон зохион
байгуулдаг гадаад, дотоодын олон аялагч жуулчин сонирхон оролцдог Монголын
аялал жуулчлалын салбарын хамгийн томоохон үйл ажиллагааны нэг юм.
Тус наадмыг сүүлийн жилүүдэд 20 мянга гаруй хүн үзэж оролцдог бөгөөд Япон, Солонгос, Герман, АНУ зэрэг гадаадын олон зочин, төлөөлөгчид зорин ирдэг болжээ.





