ДОРНОД: Нийт 2400 км зам гаргахаар ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн бүс нутгийн малчин өрхүүдийг сумын төвд хүргэх болон айл хоорондын зорчих боломжийг хангах зорилгоор нийт 2400 км зам гаргах ажил өнөөдрөөс эхэллээ.
Дашбалбар, Гурванзагал, Чойбалсан, Цагаан-Овоо, Халх гол сумын нийт нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүсээд байгаа юм. Одоогийн байдлаар Чулуунхороот суманд 200 гаруй км зам гаргаж, 21 өрхөд хүрээд байна. Мөн Гурванзагал суманд зам гаргах ажил үргэлжилж байна. Халх гол суманд аймгийн Онцгой комисс ажиллаж, нөхцөл байдалд хяналт тавин шаардлагатай арга хэмжээг авч байна.
Түүнчлэн аймгийн Засаг даргын захирамжаар 13 суманд 45 тн тэжээл, хоёр суманд 126 тн өвс, 146 тн тэжээл, 19.5 тн өвсний үнийг чөлөөлжээ. Мөн Дашбалбар суманд 3000 боодол өвсийг нэг бүрийг нь 3000 төгрөгөөр олгох шийдвэр гаргалаа.
Өнөө шөнөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө, мөн 2-ны өдөр Дорнод аймгийн нутгийн төв болон өмнөд хэсгээр, 2-ноос 3-нд шилжих шөнө, 3-ны өдөр нийт нутгаар цас орж шуурахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Энэ үеэр салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, 2, 3-нд ихэнх нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -25-30 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна гэв.