УВС: Судалгаат хичээлийн арга зүйг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улаангом политехник коллежийн ерөнхий эрдмийн багш нар ээлжит хичээлийн бэлтгэл, чанарыг сайжруулах, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах зорилгоор судалгаат хичээлийн арга зүйг өнөөдрөөс эхлүүллээ.
Энэ удаад математикийн багш Р.Сүхбаатар, Т.Отгонжаргал, И.Цэцэгсүрэн нар багаар хамтран ажиллаж, судалгаат хичээлийн арга зүйг туршиж үзүүлэх хичээл заасан бөгөөд сурагчид идэвхтэй хамрагджээ.
Тус хичээлд аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч Т.Ганзориг, сургалтын арга зүйч-багш Н.Амгаланбаатар нар сууж, сургалтын арга зүйн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүнг хэлэлцэн санал бодлоо солилцлоо.
Судалгаат хичээлийн арга зүйг хэрэгжүүлснээр багш, сурагчид багаар ажиллаж, бие биеэсээ суралцаж, туршлага судлах зэрэг олон давуу тал бий болох юм..
Мөн энэ үеэр тус коллежийн номын сангаас багш, сурагчдыг ном уншихыг уриалан, хувь хүний хөгжил, мэргэжлийн болон ерөнхий эрдмийн ном, сурах бичгийн үзэсгэлэн гаргалаа.
Сүүлийн үеийн 380 номыг үзэсгэлэнд дэлгэн, багш, ажилтан, суралцагчдыг ном, сурах бичгийн мэдээллээр хангаж байна.
Тус коллежид 10 гаруй мэргэжлээр 600 орчим хүүхэд суралцаж байна.
